Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэр байгуулах шийдвэр гаргалаа

2026-01-28 19:021min
20260128-190211-file.jpeg
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт болон нийслэлийн удирдлагууд “Багануур” ХК-д ажиллаж, нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэр байгуулах, технологийн парк байгуулах талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар “Багануур” ХК-д ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, санал хүсэлтийг сонсож, зарим шийдвэрийг гаргалаа.

“Багануур” ХК нь Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 62 хувийг хангадаг бөгөөд 762.8 сая тонн нүүрсний нөөцтэй байна. Тус компани 2025 онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 268.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Нүүрс олборлолтын хэмжээ 2010 оноос хойш жил бүр нэмэгдэж байгаа ч санхүүгийн алдагдалтай ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэлэхдээ, Багануурын уурхай салбарын үнийн зохицуулалтаас шалтгаалан алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд салбарыг шинэчлэх, үр ашигтай болгох шаардлагатайг онцлов. Тэрбээр 150 МВт-ын дулааны станцын зураг төслийн ажил дуусах шатандаа явж байгааг тэмдэглээд, дулааны станц зөвхөн өвлийн улиралд ажилладаг, тариф бага тул алдагдалтай ажиллаж, төрөөс татаас авдаг талаар мэдээлэв. Цаашид цахилгаан, дулаан, батарей хосолсон үйлдвэр барих боломжтой бөгөөд энэ тохиолдолд хувийн хэвшил зардлаа гарган ажиллах боломжтой гэж тэмдэглэв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт энэ асуудлыг судлах үүрэг өгсөн байна.

Мөн Т.Даваадалай энэ жил дулааны аргаар боловсруулсан жигнэсэн хөх нүүрс хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 35 хувиас дээш буурсан гэж тэмдэглэв. Багануурын нүүрсний дундаж илчлэг 3300 ккал бөгөөд угааж, баяжуулснаар илчлэг 30 хувиар өсөх боломжтойг онцлов. Нүүрс пиролизын үйлдвэр барих ажлыг “Эрдэнэс Монгол” хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хот жилд 450-500 мянган тонн нүүрс хэрэглэдэг байна. Цаашид нүүрсний хэрэглээг бууруулж, 2030 он гэхэд 200 мянган тонн нүүрс хэрэглэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт энэ жил гаднаас хөх нүүрс авч түлсний үр дүнд Улаанбаатар хотын утаа багассан гэж тэмдэглээд, цаашид БНХАУ-аас өндөр үнэтэй хагас коксон шахмал түлшийг худалдаж авах уу, эсвэл Багануурын уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэр байгуулах уу гэдэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэв. Хагас коксон түлшний үйлдвэр байгуулах нь нүүрсний өртгийг бууруулах ач холбогдолтой бөгөөд Засгийн газрын хуралдаанаар уг үйлдвэрийг яаралтай эхлүүлэх шийдвэр гаргахаар төлөвлөж байна. Мөн Багануурын уурхайг түшиглэсэн үйлдвэр, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцэж, шийдлүүд гаргасан байна. Энэ нь алслагдсан дүүргийг аж үйлдвэржсэн бүс болгох боломжийг бүрдүүлэх юм.

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тонн хөх нүүрс, 81.8 мянган тонн нам температурын давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.