Эрчим хүчний хэрэглээний хязгаарлалт болон нөхцөл байдлын танилцуулга

2026-01-28 20:021min
20260128-200206-file.jpeg
2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр эрчим хүчний хэрэглээ өндөр байснаас 210 МВт цахилгааны хэрэглээг хязгаарлаж, шөнийн цагт хоёр цагийн хязгаарлалт хийжээ. Батарейн хуримтлуурын станцыг ашиглаж ачааллыг зохицуулж байна.

2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Диспетчерийн үндэсний төв”-ийн албаны ахлах инженер О.Наранбаатар эрчим хүчний хязгаарлалт болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өчигдөр буюу 1 дүгээр сарын 27-ны өдөр нэгдсэн сүлжээний хамгийн өндөр хэрэглээ 17:00-22:00 цагийн хооронд 1733 МВт хүрсэн бөгөөд үүнээс 210 МВт цахилгаан эрчим хүчийг хязгаарласан байна. Аж ахуйн нэгжүүд 30 МВт-ын цахилгаан эрчим хүчийг хэмнэж, хөнгөлөлт үзүүлжээ.

Шөнийн 23:00-04:00 цагийн хооронд урьдчилан зарласан хуваарийн дагуу 77-92 МВт-ын цахилгааны хэрэглээг хоёр цагийн хугацаатайгаар хязгаарласан байна. Шөнийн цагт хязгаарлалт хийх болсон нь нийт эрчим хүчний хэрэглээ өндөр байгаатай холбоотой бөгөөд цахилгааны хөнгөлөлттэй холбоотойгоор хэрэгжүүлж байна.

Мөн батарейн хуримтлуурын станцыг ашиглалтад оруулж, өглөө болон оройн ачааллын үед батарейн хуримтлуурын станцаас эрчим хүч авахын тулд шөнийн бага ачааллын үед батарейг цэнэглэдэг аж.

Урьдчилсан төлөвлөгөөгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станц 180 МВт-аар ачаалал авах төлөвтэй байсан ч бодит байдалд 100 МВт-ын ачаалалтай ажилласнаас шалтгаалан хэрэглэгчдийг нэмэлтээр хязгаарлах шаардлага гарчээ.

ДЦС-4-ийн долдугаар зуух дээр гарсан гэмтлийг засварлах ажлыг 60 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр ээлжээр 24 цаг тасралтгүй хийж байгаа бөгөөд засварын ажил төлөвлөгөөт хугацаанаас өмнө бэлтгэлд оруулах зорилготой үргэлжилж байна.