Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна

2026-01-28 14:021min
20260128-140147-file.jpeg
Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдийг татварын таатай орчин бүрдүүлж, төрийн худалдан авалтад оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнгийн үеэр дотоодын бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа.

Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэх, төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнтэй танилцаж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгааг мэдээлэв. Татварын багц хуулийн шинэчлэлд татвар төлөгчдөөс 1.6 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын босгыг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгох, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

“Монголд үйлдвэрлэв” шошго нь зөвхөн гарал үүсэл бус чанар, хариуцлага, бахархлын баталгаа байх ёстойг онцолж, үндэсний үйлдвэрлэл хүчирхэг байж эдийн засаг тогтвортой байна гэж тэмдэглэв. Эдийн засгийн тогтвортой байдал ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьдралыг сайжруулна. Иймээс эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь өнөөгийн болон ирээдүйн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт гэж үзэж байна.

Ерөнхий сайд дотоодын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг баялаг бүтээгчдээс хүсэв. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдан авахад стандартын шаардлага хангадаггүй асуудал тулгардаг тул төрийн байгууллагууд шинэ стандарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэл өгсөн байна.

Манай улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн тендер шалгаруулалтад шалгарсан нийт дүн сүүлийн таван жилд 2.8 дахин нэмэгдэж, 12.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд дотоодын ААН-үүдийн тоо 2019 онд 3580 байсан бол 2025 онд 5137 болжээ.

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнгийн үеэр дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалт танилцуулж, үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн худалдан авалтад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн болон стандартын тохирлын гэрчилгээ авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Засгийн газрын тогтоолоор чанар стандартын шаардлага хангасан 154 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалт батлагдсан бөгөөд үүнийг нэмэгдүүлэх шаардлагатайг үзэсгэлэнд оролцогчид Ерөнхий сайдад уламжилжээ.