Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй гэв

2026-01-28 13:011min
20260128-130058-file.jpeg
Ахмадын холбоо дундаж тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох шаардлага тавьсан ч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд төсөвт ийм хэмжээний санхүүжилт байхгүйг мэдэгдэв.

Монголын ахмадын холбоо өчигдөр ахмадын тэтгэврийг нэмэхийг шаардаж, дундаж тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох шаардлагыг тавьсан.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас энэ шаардлагын биелэлтийг тодруулахад, төсөвт ийм хэмжээний санхүүжилт байхгүй гэдгийг онцлов. Тэрээр ахмадуудын тэтгэврээр улс төр хийхгүй байхыг уриалсан юм.

Сайд Т.Аубакира хэлэхдээ, “Би энэ салбарыг удирдаж байгаа хүний хувьд, мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй гэдгийг хэлмээр байна. Үүнийг хэрэгжүүлэхэд 4.2 их наяд төгрөг шаардлагатай. Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс 1.4 их наяд төгрөгийн татаас авдаг. Ахмадуудыг өдөөж, худлаа амлалт өгөх нь зохимжгүй. 2026 онд 537 мянган хүн тэтгэвэр авах ёстой бөгөөд УИХ-аас 477.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгохоор баталсан. Би энэ салбарын сайд учраас худлаа амлаж болохгүй” гэжээ.