“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний тээврийн конвейерийг ашиглалтад хүлээн авлаа

2026-01-27 18:021min
20260127-180204-file.jpeg
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 12.6 км урт тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламжийг 2026 оны 1 дүгээр сард байнгын ашиглалтад хүлээж авлаа. Энэхүү систем нь тээврийн зардал бууруулж, тоосжилтыг 80 хувиар багасгах хүчин чадалтай юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах шийдвэр гарчээ. Өмнөговь аймгийн Засаг даргын “Улсын комисс томилох тухай” захирамжаар байгуулагдсан улсын комиссын ажлын хэсэг 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр тус байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан байна. Энэхүү байгууламж нь Монгол Улсад хамгийн урт буюу 12.6 км конвейерийн системтэй бөгөөд 18 сарын хугацаанд ашиглалтад оржээ.

Конвейерийн системийг ашигласнаар нүүрсний тээврийн зардал, бүтээгдэхүүний өртөг буурч, бүтээмж, ашигт ажиллагаа нэмэгдэх боломжтой юм. Мөн тээвэрлэх үеийн тоосжилт багасч, агаарын бохирдол болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэхүү конвейерийн систем нь Герман улсын DIN стандартыг баримталж, үйлдвэрлэлийн технологид нэвтрүүлсэн бөгөөд жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм. Түүнчлэн авто тээврээс үүдэлтэй тоосжилтыг 80 хувиар бууруулж, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологиор тоноглогдсон байна.