Сүхбаатар дүүрэгт ахуйн үйлчилгээний шинэ төв баригдаж байна

2026-01-27 17:311min
20260127-173114-file.jpeg
Сүхбаатар дүүрэгт 32-ын тойргийн баруун урд талд ахуйн үйлчилгээний шинэ төв баригдаж, хуучин "Урт цагаан" төвийн иргэд, аж ахуйн нэгжүүд шилжин орно. Барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд талд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажил 2024 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд барилга угсралтын ажлын явц одоогоор 80 хувьтай байна. Энэхүү шинэ төвд хуучин “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нүүж орох юм.

Ахуйн үйлчилгээний төв нь хоёр блок бүхий зоорьгүй хоёр давхар барилга бөгөөд гадна тохижилт, ногоон байгууламжаас бүрдэнэ. Гадна тохижилтын хүрээнд явган хүний зам, гэрэлтүүлэг, сандал, ногоон байгууламж бүхий зүлэгжүүлэлт, мод суулгах ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Барилгын нэгдүгээр давхарт 1,363 ам метр талбайд 30 аж ахуйн нэгжийн үйлчилгээний талбай, гурван орц гарц баригдах бол хоёрдугаар давхарт 1,280 ам метр үйлчилгээний талбай, террас, кофе шоп зэрэг байгууламжууд байрлана. Давхар бүрт тусгай хэрэгцээт иргэн болон эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөтэй бөгөөд нийт талбайн 30 хувийг ногоон байгууламж эзэлнэ. Үүнээс нийтийн хэрэгцээний ногоон байгууламж 18 хувь, хязгаарлагдмал хэрэгцээний болон тусгай зориулалтын ногоон байгууламж 12 хувийг эзлэхээр зураг төсөвт тусгагдсан байна.

Бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг “Ти Эл прожект” ХХК, барилга угсралтын ажлыг “Шилдээд” ХХК гүйцэтгэж байна. 32-ын тойргийн үйлчилгээний барилга, ногоон байгууламж, тохижилтын ажил 2024-2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх бөгөөд нийт төсөвт өртөг нь 10 тэрбум төгрөг, үүнээс 2024 онд 2.8 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан байна.