E-Mongolia системд зөрчлийн торгуулийн цахим төлбөрийн үйлчилгээ нэвтэрлээ

2026-01-26 17:021min
20260126-170241-file.jpeg
2026 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн зөрчлийн мэдээлэл нэгтгэгдэж, 1 дүгээр сарын 10-наас эхлэн E-Mongolia системээр торгуулийн төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо.

2026 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломжтой боллоо.

И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэд, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

2026 оны 1 дүгээр сарын 10-наас эхлэн торгуулсан иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой болсон юм.

Иргэд E-Mongolia системд нэвтэрч, үйлчилгээ цэсээс “торгуулийн” гэж хайлт хийж, “Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр шалгах” цэсээр 2026 оны 1 дүгээр сарын 10-наас хойш болон өмнөх торгуулиа шалгаж, “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэсээр төлбөрөө хийх боломжтой.