Вьетнамд зорчигч Монгол иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг

2026-01-26 18:021min
20260126-180200-file.jpeg
Вьетнам Улсад зорчигч Монгол иргэдэд халаасны хулгай, хууль зөрчихөөс сэргийлэх, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Хууль зөрчвөл хатуу ял шийтгэл хүлээх эрсдэлтэй.

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал болгоомжгүйгээс шалтгаалан эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна.

Олон нийтийн газар, жуулчдын төвлөрсөн бүсэд халаасны хулгай, дээрэм, залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа тул гар утас, түрийвч, үнэт эд зүйлсээ ил задгай авч явахгүй, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Вьетнам Улсад хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах явдал гарсаар байгаа бөгөөд тус улсын хууль тогтоомж нь хатуу бөгөөд бүлэглэн хулгай хийхэд 8 хүртэлх жилийн хорих ял оноодог.

Танихгүй хүний санал болгосон унаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээс зайлсхийж, албан ёсны үйлчилгээг ашиглахыг анхаарна уу.

Мөн Вьетнам Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх шаардлагатай бөгөөд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, хууль бус бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах, хэрэглэх нь онцгой хүнд ял шийтгэлтэй болохыг сануулж байна.

Бусдын эд хөрөнгийг гэмтээх, зодоон маргаанд оролцох, олон нийтийн дэг журам зөрчих нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Албан ёсны зөвшөөрөлгүй ажиллах, визний хугацаа хэтрүүлэх нь торгууль, албадан гаргах арга хэмжээ авах эрсдэлтэй юм.