Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн тулгамдсан асуудлыг хэлэлцэв

2026-01-26 16:021min
20260126-160221-file.jpeg
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон холбогдох албан тушаалтнууд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзаж, тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Амарсайхан болон ЭМДЕГ, НЭМГ-ын мэргэжилтнүүд Налайх дүүргийн Эрүүл Мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.

Налайх дүүрэг нь авто замын огтлолцолд байрлах тул осол гэмтлийн улмаас тусламж үйлчилгээний хэрэгцээ өндөр байна. Иймээс гэмтэл, мэс заслын тусламжийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. 2025 онд тус дүүргийн түргэн тусламж 6187 дуудлага хүлээн авч, цаашид түргэн тусламжийн үйлчилгээний чадавх, техник хэрэгслийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2026 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдэхийг онцолж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймагт гэмтэл, харвалт, шигдээс, эрчимт эмчилгээ, түргэн тусламжийг сайжруулах 225 сая ам.долларын төслийг Засгийн газар, УИХ-аар баталсан талаар мэдээлэв.

Уг төслийн хүрээнд сэргийлж болох нас баралтыг бууруулж, аймаг, орон нутагт түргэн тусламжийн чадавхыг бэхжүүлэн, нийслэл рүү төвлөрлийг бууруулах тогтолцоог бий болгох зорилготой гэдгийг хэллээ. Мөн гэмтэл, яаралтай тусламжийн үйлчилгээг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр тусламжийн зарим үйлчилгээг гүйцэтгэх боломжийг судлахыг НЭМГ-т үүрэг болгосон байна.

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр ЭМЯ тооцоолол гарган, энэ сараас зургаадугаар сар хүртэл үе шаттай хуваарилалт хийхээр төлөвлөжээ. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд нийгмийн баталгааны даатгал алдагдаж байгаа ажилтнуудын асуудлыг онцгой анхаарч шийдвэрлэхийг холбогдох дарга Г.Байгальд сануулсан байна.