Ерөнхий сайд Г.Занданшатар дулааны V цахилгаан станцын ажил ирэх хоёрдугаар сард эхлэхийг мэдэгдэв

2026-01-26 15:021min
20260126-150230-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар "Давос"-ын чуулганд дулааны V цахилгаан станцын ажил ирэх хоёрдугаар сард эхлэх болон дунд хугацаанд шинэ эрчим хүчний станц байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос”-ын Эдийн засгийн чуулганд оролцох үеэр “Блумберг” агентлагт өгсөн ярилцлагадаа дулааны V цахилгаан станцын ажил ирэх хоёрдугаар сард нэн яаралтай эхлэх талаар мэдээлэв. Мөн дунд хугацаанд сэргэгдэх эрчим хүчний шинэ станц байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан байна.

Дулааны V цахилгаан станцын төсөл 2011 онд олон улсын уралдаант шалгаруулалтаар эхэлсэн ч хэрэгжихгүй байсаар 2014-2015 онтой золгож, тухайн үед концессын гэрээ байгуулж, төслийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Гэвч төсөл хэрэгжихгүй байсаар 2025 онтой золгосон бөгөөд энэ оноос “ДЦС-5” төслийн талаар яригдаж эхэлжээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай 2025 оны тавдугаар сард өгсөн ярилцлагадаа “ДЦС-5” төслийн нийт хөрөнгө оруулалт 658 сая ам.доллар бөгөөд санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл хариуцах тооцоо гарсан гэж мэдээлсэн байна.

Мөн эрчим хүчний салбарт сүүлийн 8-9 жилийн хугацаанд гадаадын зээл тусламжаар ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.