Улаанбаатарын өвлийн наадам 2026 оны 1 сард болно

2026-01-26 14:011min
20260126-140136-file.jpeg
“Улаанбаатарын өвлийн наадам 2026” арга хэмжээ 14 дэх жилдээ Скай резорт цанын баазад зохион байгуулагдах бөгөөд олон улсын болон дотоодын олон тэмцээн, үзүүлбэрүүдийг багтаасан байна.

“Улаанбаатарын өвлийн наадам 2026” арга хэмжээ нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү наадам нь Монголын өвлийн улирлын үзэсгэлэнт байдал, ёс заншил, өв уламжлал, өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ төрлийн өвлийн экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, иргэдийг эрүүл, спортлог амьдралын хэв маягт уриалах ач холбогдолтой юм.

“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” арга хэмжээ 2026 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд Скай резорт цанын баазад болно.

Наадмын үеэр дараах тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдана:
– Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн
– Мөсний шагайн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Снөүбоардын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Параглайдинг (уулын шүхэр) Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Цасны регбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Уулын цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
– Мөсөн хананд авиралтын сонирхогчдын тэмцээн
– Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн
– Гранд тур (winter cup) аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн

Мөн наадмын үеэр дараах үзүүлбэр, үйлчилгээ үзүүлнэ:
– Шүхрийн үзүүлбэр
– Шувуулахуйн үзүүлбэр
– Монгол банхар нохойны танилцуулга
– Хоол, ундны үйлчилгээ
– Цана, чарганы үйлчилгээ
– Урлагийн тоглолт

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казахстан, АНУ зэрэг орнуудаас Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин оролцоно.