Хууль зүйн сайд Б.Энхбаяр авлигын хэргүүдийн хариуцлагын талаар байр сууриа илэрхийлэв

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Н.Учрал Дорнод аймгийн иргэдтэй уулзах үеэр төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчдын авлига, албан тушаалын хэрэгт ямар хариуцлага оногдуулах талаар асуулт хүлээн авсан байна.
Иргэний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хариулахдаа авлига, хулгайтай холбоотой асуудлууд шийдэгдэх болно гэдгийг онцолжээ. Тэрбээр хэн ч байсан хуулийн дагуу шийтгэл хүлээх бөгөөд нотлох процесс явагдаж байгаа гэдгийг дурдсан байна.
Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана зарим хүн хуулийн хариуцлагаас зугтах, бултах оролдлого хийж байгааг хэлжээ. Тухайлбал, нүүрсний хулгайтай холбоотой нэг хүн сүүлийн нэг сар далайн эрэг дээр амарч байгаа бөгөөд Монголдоо ирж шалгуулах шаардлагатайг онцолсон байна.
Хэрэв хуулийн хариуцлагаас зугтаж байвал УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг намрын чуулган хаахаас өмнө хэлж байсан бөгөөд хаврын чуулган эхлэхэд энэ асуудлыг хариуцлагатайгаар авч хэлэлцэх болно гэдгээ сайд Б.Энхбаяр мэдэгджээ.
