Ерөнхий сайд Г.Занданшатар Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа.
Сүүлийн долоон хоногийн хугацаанд Бөөрөлжүүт цахилгаан станц орчимд цаг агаар огцом хүйтэрч, хөрсөн дээр -48 градуст хүрсэн нь нүүрс дамжлагын бункерийг бөглөрүүлж, нүүрс хөлдөх шалтгаан болсон байна. Үүний улмаас станцад доголдол үүссэн ч шуурхай баг томилж, асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэсэн гэж станцын удирдлагууд мэдээлэв.
“Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөрийн мэдээлснээр, цаашид ийм асуудал гарахгүй бөгөөд станц суурилагдсан хүчин чадлаараа бүрэн ажиллаж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар цахилгаан станцын тогтвортой ажиллагааг хангах, нүүрс хөлдөх эрсдлийг бүрэн шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Тэрбээр Бөөрөлжүүт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал Оросоос цахилгаан импортлох шаардлагагүй болохыг тэмдэглэв. Мөн гэрээний үүргээ биелүүлж, өвлийн хүйтэнд ард иргэдийг цахилгаан эрчим хүчээр тасалдуулахгүй байхыг үүрэг болгов.
Бөөрөлжүүт цахилгаан станц өнөөдрийн байдлаар төвийн бүсийн эрчим хүчний системд 300 мегаватт цахилгаан нийлүүлж байна. Тус станцад 150 гаруй инженер, техникийн ажилтнууд 24 цагийн турш ээлжээр ажиллаж байгаа юм.
Төслийн гуравдугаар блокийг 2027 онд, дөрөвдүгээр блокийг 2028 онд ашиглалтад оруулахаар барилгын ажил эхэлжээ. Ингэснээр станцын нийт хүчин чадал 600 мегаватт болно.
