2026 оны хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагаас 2026 оны хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас ойролцоо байх бөгөөд хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтэн байх бөгөөд гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд бага зэргийн цас орж, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хөвсгөлийн зүүн, Архангай, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджаар байна. Хур тунадас Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Архангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтрэх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд дунджаар байх төлөвтэй. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаар, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтрэх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд дунджаар байх төлөвтэй. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджаар байна. Хур тунадас Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байх бөгөөд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаан байх төлөвтэй. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сул, өдөртөө бага зэрэг дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Хүйтэрсэн үе нь хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтэн байх бөгөөд бусад хугацаанд дунджаар байна. Гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй. Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хэсэгт хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Сарын дунджаар нутгийн зүүн хэсэг олон жилийн дунджаас хүйтэн, цас их орох төлөвтэй бөгөөд температурын огцом өөрчлөлт үргэлжлэх, салхи шуурганы давтамж их байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөж байна.
