Прокурорын байгууллага 2026 онд зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны тайлан гаргалаа

2026-01-21 19:011min
20260121-190110-file.jpeg
Прокурорын байгууллага 2026 оны эхний долоо хоногт улсын хэмжээнд 109,625 зөрчлийн гомдол, мэдээллийг бүртгэн шалгаж, ихэнхийг газар дээр нь шийдвэрлэжээ. Зөрчлийн ихэнх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчихтэй холбоотой байна.

Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 12-ноос 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас хүлээн авсан 109,625 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ.

Эдгээрээс 104,884 буюу 95.7 хувийг газар дээр нь шийдвэрлэж, 549 буюу 0.5 хувьд хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн 971 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурорын байгууллага эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй шийдвэрлэсэн 1,213 шийдвэрийг хянаж, үүнээс 51 буюу 4.2 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээсэн байна. Түүнчлэн нэг шийдвэрийг хүчингүй болгож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад буцаасан бөгөөд 14 буюу 1.2 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах байгууллагад шилжүүлжээ.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 46 шийдвэрийг хянаж, 5 буюу 10.9 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад буцаажээ. Мөн 19 буюу 41.3 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн бөгөөд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Прокурорын байгууллага хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор эрх бүхий албан тушаалтны хууль бус, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 7 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлжээ.

Зөрчлийн улмаас нийт 642,131,000 төгрөгийн хохирол учирснаас 164,416,000 төгрөг буюу 25.6 хувийг нөхөн төлүүлсэн байна. Үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 17,594,000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 102,689 буюу 96.5 хувийг эзэлж байна. Мөн Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1,337 буюу 1.2 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих 581 буюу 0.5 хувь, Автотээврийн хууль зөрчих 573 буюу 0.5 хувь, Танхайрах зөрчил 232 буюу 0.2 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 227 буюу 0.2 хувь, Хүний биед халдах зөрчил 132 буюу 0.1 хувь, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 123 буюу 0.1 хувийг эзэлж байна.