Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтийд болно

2026-01-21 20:021min
20260121-200202-file.jpeg
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод болно. Тэмцээнд 320 орчим тамирчин оролцож, түрүүлсэн тамирчид үндэсний шигшээ багт нэр дэвших эрхтэй.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод энэ сарын 23-ны Баасан гарагт эхэлнэ. Тэмцээнд 32 клуб, спорт хорооны 320 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн байна. Энэ удаагийн 12 дахь удаагийн тэмцээн Хэнтий аймгийн жүдо бөхийн холбооны нэрэмжит бөгөөд орон нутагт жүдо спортыг жигд хөгжүүлэх зорилготой юм.

Эрэгтэйчүүдийн долоон жингийн ангилалд 60 кг-д 40 тамирчин, 66 кг-д 36, 73 кг-д 35, 81 кг-д 36, 90 кг-д 29, -100 кг-д 17, +100 кг-д 16 тамирчин барилдах юм. Эмэгтэйчүүдийн хувьд 48 кг-д 19, 52 кг, 57 кг-д тус бүр 18, 63 кг-д 17, 70 кг-д 13, -78 кг-д 11, +78 кг-д 12 тамирчин оролцоно.

Тэмцээний сугалаа маргааш явагдаж, тэмцээн 25-ны өдөр холимог багийн тэмцээнээр өндөрлөхөөр товлогдсон байна. Түрүүлсэн болон медаль хүртсэн тамирчид үндэсний шигшээ багт нэр дэвших эрхтэй болно.