Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагч Н.Н албан үүргээ биелүүлээгүй хэргээр торгуулжээ

Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч Н.Н нь албаны үүргээ биелүүлэхгүйгээр “Б” ХХК, “Х” ХХК-ийн мэдүүлсэн дөрвөн чингэлэг ачаа бараанд хяналт шалгалт хийлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ. Энэ үйлдлээр гаалийн татварын 50 сая төгрөгийг төлүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгосон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Мөн иргэний хариуцагч “Б” ХХК, “Х” ХХК-аас тус бүр 23.9 сая төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 276 дугаартай тогтоолын дагуу нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулсан бөгөөд шүүх хурлыг шууд дамжуулсныг ЭНД-ээс үзэх боломжтой юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх.
