Нийслэлд хиймэл оюун ухаанд суурилсан авто замын зөрчил илрүүлэх систем амжилттай ажиллаж байна

2026-01-21 10:301min
20260121-103032-file.jpeg
Нийслэлийн гол уулзваруудад хиймэл оюун ухаанд суурилсан авто замын зөрчил илрүүлэх системийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, зөрчлийн тоо буурчээ.

Нийслэлийн зарим гол уулзваруудад хиймэл оюун ухаанд суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Өнгөрөгч оны хоёрдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Өдөрт дунджаар 74 мянга гаруй зөрчил бүртгэгдэж байсан бөгөөд ухаалаг систем нэвтрүүлснээр өдөрт 1000-4000 зөрчлийг шалгаж буй тухай жолооч нарт “Шалгаж байна” гэсэн мессеж илгээдэг болсон байна.

Энэхүү системийн нэвтрүүлэг нь жолооч нар эгнээ байрлалаа зөв баримталж, авто замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахихад нөлөөлж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцох хандлагыг нэмэгдүүлжээ.

Мөн AI системийн тусламжтайгаар хүний оролцоо багасч, хяналт шалгалтын ил тод байдал сайжирч, жолооч, зорчигчдын аюулгүй байдал дээшилсэн байна. Тухайлбал, эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийн тоо 81 хувиар буурч, зогсох шугам давсан зөрчлийн тоо 335,800-аас 166,425 болж буурчээ.

Нэмж дурдахад, хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн байна.