Монгол, Оросын тал газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хэлэлцэв

Аж үйлдвэрийн хөгжлийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзаж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудалд гарсан бэрхшээлийг шийдвэрлэх талаар санал солилцов.
Уулзалтаар шатахуун нийлүүлэлтийн явцад өмнө гарч байсан хүндрэлүүдийг давтахгүй байх, 2026 онд нийлүүлэлтийг тогтвортой хангах талаар санал хэлэлцэж, хоёр яамны зүгээс цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог хангах үүднээс онлайн хэлбэрээр тогтмол уулзалт зохион байгуулж, шуурхай шийдвэр гаргахыг тохиролцов.
ОХУ-ын талаас 2026 онд Монгол Улсад шатахууныг хэвийн төвшинд тасралтгүй нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлж, экспортлогч ААН-үүдийн төлөвлөгөөнд Монголын ААН-үүдийн захиалгыг эрт оруулж төлөвлөх боломжийг ханган нийлүүлэлтийг тогтвортой байлгахыг санал болголоо.
Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монгол Улсын хил орчимд шатахууны агуулахыг түр хугацаанд түрээслэн, дотоодын хадгалах савны нөөц бүрдтэл хамтран нөөц бүрдүүлэх талаар ажиллах, цаашид ОХУ-ын үйлдвэрүүдээс ачигдахаас эхлэн Монгол Улсад хэрэглэгчийн машинд цэнэглэгдэх хүртэлх бүх процессыг удирдан зохион байгуулах нэгдсэн “эко систем”-ийг бий болгох боломжийг судалж, холбогдох шийдвэр гаргахаар ярилцав.
Сайд Г.Дамдинням сүүлийн саруудад үүссэн шатахуун хомстолыг даван гарахад хамтран ажиллаж, тус яамны зүгээс шуурхай удирдлагаар дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.
ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг цаашид тогтвортой нийлүүлэх, салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үүргийг бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжин ажиллахыг илэрхийллээ.
Уулзалтад “Газпром”, “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Татнефть”, “Оросын төмөр зам” зэрэг компанийн төлөөлөл болон бусад холбогдох байгууллагууд оролцов.
