Цахим орчинд хуурамч зар ашиглан 750,000 төгрөг залилжээ

Монголын уламжлалт сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан цахим орчинд бараа бүтээгдэхүүн хямд зарах нэрээр бусдыг залилсан гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал, Фэйсбүүк дээр “Угалзтай гутал зарна” гэсэн хуурамч зарын дагуу холбогдсон иргэн 750,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж, залилуулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 16,906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалж хохирсон 5,214 хэрэг бүртгэгдсэн байна.
Залилагчид зах зээлийн үнээс хямд үнэ амлах, цөөн тоогоор үлдсэн тул яаралтай зарна, чанартай, загварлаг бараа түргэн шуурхай хүргэнэ гэх мэтээр итгэл төрүүлэхүйц хуурамч зар байршуулж, урьдчилгаа төлбөр шаарддаг тул иргэд цахим худалдан авалт хийхдээ мэдээллийг сайтар нягтлах, барааг биеэр үзэж, гар дээрээ хүлээн авахаас өмнө урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг анхаарахыг зөвлөж байна.
