Дархан аварга Н.Батсуурь допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандав

2026-01-20 18:301min
20260120-183049-file.jpeg
Дархан аварга Н.Батсуурь допингийн эсрэг байгууллагын ойр ойрхон шинжилгээ авах, байршлын мэдээлэл шаардах үйл ажиллагааг үндэслэлгүй дарамт гэж үзэж, үүнд хяналт, хариуцлага алдагдсан гэж шүүмжиллээ.

Дархан аварга Н.Батсуурь допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа байршлын мэдээлэл шаардах, ойр ойрхон шинжилгээ авах асуудлаар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр допингийн эсрэг төвийн нэг хүн дээр хоёр жил дараалан хэд хэдэн удаа шинжилгээ авах шаардлага тавьж байгааг үндэслэлгүй дарамт гэж үзэж байна. Мөн хүчээр зодог тайл гэж шахаж байгаа мэт үйлдэл гаргаж байгааг шүүмжилжээ.

Өмнө нь Зүчи нэртэй тамирчин энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан ч хэрэг нь шийдэгдээгүй гэж дурдсан байна. Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд хяналт, хариуцлага алдагдсан бөгөөд утсаар холбогдохгүй байж, оны өмнө имэйлээр хугацаа тулган шаардлага тавьж байгаа нь зохимжгүй гэжээ.

Тэрбээр өмнөх жил дөрвөн удаа допингийн шинжилгээ өгсөн бөгөөд гэртээ унтаж байхад зөвшөөрөлгүй орж ирсэн тохиолдол ч гарсан гэж онцолсон байна. Ийм дураараа авирлах эрх төрийн бус байгууллагад байх ёсгүй гэж үзэж байна.

Мөн татвар төлөгчдийн мөнгө төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд үрэгдэж байгааг бөхчүүд ил тод хэлэх цаг болсон гэдгийг тэмдэглэжээ.

Ирсэн имэйлийг бөхчүүд уншиж, ойлгох хэрэгтэй бөгөөд бөхчүүд сайн дураараа барилдаж байгаа хүмүүс болохоос олимпийн төрлийн мэргэжлийн тамирчид биш гэдгийг онцолсон байна. Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь бөхчүүдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалах үүрэгтэй байгууллага гэдгээ ухамсарлах ёстой гэжээ.