УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллав

УИХ-ын дарга Н.Учрал Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах 30 МВт-ын хүчин чадалтай “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллалаа.
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий тул тархмал эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой болж байна.
“Эрдэнэнар” станц нь төвийн эрчим хүч тасарсан үед хэрэглээг бүрэн хангах чадвартай бөгөөд 2025 оны гуравдугаар сараас хойш Замын-Үүд суманд 134 цагийн эрчим хүчний тасралтыг бүрэн нөхөж байна.
Монгол инженерүүдийн бүтээсэн энэхүү станц нь 53 мянган нарны дэлгэц, найман инвертерийн байгууламж, 12 батарей хуримтлууртай юм.
Ийм төрлийн станцуудыг бусад аймаг, сумдад байгуулснаар эрчим хүчний тогтвортой байдал сайжирч, импортоос хамаарал буурах боломжтой.
Энэ хүрээнд дүрэм журам цэгцлэх, шат дамжлага, хүнд суртлыг багасгах, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эрчим хүчний импорт хэт хамааралтай тул ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх шаардлагатайг онцлов.
