Ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэх хугацааг тогтоов

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид 2026 оны нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд цахимаар хичээллэнэ.
Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид энэ долоо хоногт цахим хэлбэрээр хичээллэж байна.
Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалд зааснаар, аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид 2025-2026 оны хичээлийн жилийн 20 дахь долоо хоногт, нийслэлийн сурагчид 21 дэх долоо хоногт цахимаар хичээллэхээр зохицуулсан юм.
Тушаалд ахлах ангийн цахим хичээл, сургалтын зорилго нь суралцагчдад цахим технологийн тусламжтайгаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бие даан суралцах, мөн цахим технологийн зөв, зохистой хэрэглээг хэвшүүлэхэд чиглэсэн гэж тэмдэглэсэн байна.
