Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдлаа

Засгийн газрын 2026 оны бодлого, зорилгыг танилцуулах, орон нутагтай уялдаатай ажиллах зорилгоор Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлдээ Засгийн газрын баримталж буй бодлого, шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд орон нутгийн удирдлагуудыг бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэх гол гүүр гэж тодорхойлов.
Ерөнхий сайд Засгийн газар байгуулагдах үед тулгарсан эдийн засгийн хүндрэл, төрийн чадамжийн сулрал, иргэдийн төрд итгэх итгэлийн бууралт зэрэг асуудлыг онцлон тэмдэглэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож нүүрсний олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлснээр улсын гадаад валютын нөөцийг богино хугацаанд өсгөсөн талаар мэдээлэв.
Төсвийн сахилга бат, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж эхэлсэн бөгөөд эдийн засгийг цаашид зөв залуурдах шаардлагатайг онцлов. Засгийн газар иргэдэд шинэ итгэл төрүүлэх, засаглалын эрс шинэчлэл хийх бодлогыг дэвшүүлж, УИХ-аар 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийг батлуулсан байна.
Эдгээр чиглэлд хүний хөгжлийн шинэтгэл, эдийн засгийн бүтцийн шинэтгэл, үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэл, байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл, засаглал, цахим хөгжлийн шинэтгэл, үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл, бүсийн хөгжлийн шинэтгэл, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны шинэтгэл багтжээ.
Мөн “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө” баталж, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх, үндэсний баялгийн сангийн хуримтлал ба зарцуулалтыг эхлүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг ажил болгоход орон нутгийн удирдлагууд идэвхтэй оролцохыг уриалсан.
Ерөнхий сайд төрийн байгууллагуудыг дотроос нь цэгцлэх реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, хуульд нийцэхгүй, хүнд суртал үүсгэж буй 1,000 гаруй журам, дүрмийг цуцлахыг мэдэгдэв.
Орон нутгийн удирдлагуудыг иргэдэд ойр ажиллахыг зөвлөж, төсвийн хэмнэлтийг орон нутагт захиран зарцуулах эрхийг олгох, агентлагуудын эрх мэдлийг төвлөрүүлэх хуулиудад өөрчлөлт оруулах, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллахыг салбарын сайд нарт даалгав.
Сум хөгжүүлэх санг Хоршоог дэмжих санд нэгтгэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг хаасан асуудлыг судалж, холбогдох журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.
Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, сум, орон нутгийн иргэдийн өмчлөлийн газар, малчдын өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдэх үүрэг өгсөн ч өнөөг хүртэл шийдэгдээгүй тул энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг онцлов.
Илтгэлийн төгсгөлд 2026 он нь шинэ итгэл, эрс шинэчлэл, бодит өөрчлөлтийн жил байх бөгөөд Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулах, “Баялагтаа эзэн Монгол” зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг мэдэгдэв.
Уулзалт үргэлжилж байгаа бөгөөд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэл, 2026 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэхэд яам, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын баримтлах чиглэлийг тодорхойлж, гэрээ байгуулах юм.
