“Алдарт эх” одонгийн материалыг хүлээн авах хугацаа эхэллээ

Шинээр “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах материалыг 2026 оны нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хороодын байранд хүлээн авч эхэлжээ. Одон авах шалгуурын дагуу хүүхэд нь 2026 оны тавдугаар сарын 1-ээс өмнө нэг нас хүрсэн байх ёстой юм.
Өнгөрөгч 2025 онд Монгол Улсын хэмжээнд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг нийт 14,486 ээж хүртсэн байна. Тухайн жилд алдарт эхчүүдийн олонх нь 34-39 насныхан байсан бол хамгийн залуу нь 22 настай байжээ.
Мөн өнгөрсөн жилээс эхлэн “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгодог 200 мянган төгрөгийн тэтгэмжийг 400 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Харин хоёрдугаар зэргийн одонтой эхэд олгодог 100 мянган төгрөгийн тэтгэмжийг 200 мянган төгрөг болгож өсгөжээ.
2024 оны байдлаар 252,700 гаруй ээж “Алдарт эх” одонгийн мөнгийг авч байсан бөгөөд уг тэтгэмжийг олгоход жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулж байжээ.
