Баянзүрх дүүрэгт Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгыг ашиглалтад орууллаа

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аманд байрлах Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хүмүүжлийн зориулалттай барилгын ажил бүрэн дуусч, улсын комисс хүлээн авлаа.
Энэхүү барилга нь зоорьтой, дөрвөн давхар бөгөөд нийт 2368.80 ам метр талбайтай, нэг дор 200-250 зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх цогц үйлчилгээний төв юм.
Төв нь нөхөн сэргээх эмчилгээний өрөө, чийрэгжүүлэлтийн танхим, урлагийн заал, эмчийн болон үзлэгийн өрөөнүүд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, уулзалтын болон оффисын өрөө, ажилчдын өрөө зэрэг үндсэн зориулалтын тасалгаатай.
Мөн оёдол, гар урлал, мужааны цех болон сургалт, хүмүүжлийн зориулалттай бусад ажлын өрөөнүүдийг иж бүрнээр байгуулсан байна.
Тус төвийн барилгын хүрээнд 18.0×9.0 метр хэмжээтэй уурын зуухны барилга, 12.0×6.0 метр хэмжээтэй гүний худгийн барилга, 3.0×3.0 метр хэмжээтэй харуулын байр барьж, ашиглалтад оруулжээ.
Гадна тохижилтын ажлын хүрээнд авто зогсоол, явган хүний зам, гадна гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн байна.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Тэмээн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.
