Засгийн газар 18 наснаас доош хүүхдийг өвөл, хаврын хурдан морины уралдаанд оролцуулахыг хориглов

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталсан байна. Уг тогтоолд 18 наснаас доош насны хүүхдийг өвөл, хаврын хурдан морины уралдаанд оролцуулахыг хориглох шийдвэрийг тусгасан юм.
2024 онд бүртгэгдсэн 11 мянга гаруй унаач хүүхдийн 1000 гаруй нь өөрийн морь унасан бол бусад нь гэрээний үндсэн дээр өвөл, хаврын уралдаанд оролцсон байна. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон аймаг, нийслэлийн засаг дарга нар унаач хүүхдийн гэр бүл, амьдралын нөхцөл байдлыг нарийвчлан бүртгэх зөвлөмжийг хүргүүлжээ.
Хүүхдийг өвөл, хаврын морины уралдаан, бэлтгэл, сунгаанд оролцуулахгүй байхыг хяналт тавих бөгөөд зөрчил гарвал холбогдох арга хэмжээ авна. Уралдаанч хүүхдүүд бүтэн жилийн хугацаатай 100,000 төгрөгийн хураамжтай, 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийн даатгалд заавал хамрагдах ёстой юм.
Мөн хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахдаа эцэг эх, уяач болон хүүхдийн хооронд гурав талт гэрээ байгуулах шаардлагатай гэж Засгийн газрын тогтоолд заасан байна.
Сүүлийн 29 жилийн хугацаанд бүртгэлтэйгээр 52 унаач хүүхэд амь насаа алдсан бөгөөд бүртгэгдээгүй тохиолдлууд ч байж болзошгүй гэж албаныхан мэдээлэв.
