Баянхонгор аймгийн мал эмнэлгийн лабораторийн барилгыг ашиглах боломжгүй болсноор үйл ажиллагаагаа Монгол гэрт явуулж байна
2026-01-13 09:301min

Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газрын лабораторийн хуучин барилгыг ашиглах боломжгүй болсон тул одоогоор үйл ажиллагаагаа Монгол гэрт явуулж байна. Шинэ барилгын төсөв шийдэгдээгүй байгаа юм.
Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газрын лабораторийн барилга 1960 онд ашиглалтанд орсон бөгөөд 2015 оноос эхлэн барилгын чанар муудаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар улсын байцаагчдын дүгнэлт гарч байжээ.
2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр төрийн өмчийн тогтоолоор тус барилгыг ашиглах боломжгүй гэж акталсан байна.
Гэвч шинэ лабораторийн барилгын төсөв одоогоор шийдэгдээгүй байгаа тул мал эмнэлгийн ажилчид үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд Монгол гэрт ажиллаж байна.
Шинээр барих лабораторийн зураг төслийг батлуулсан боловч 2026 оны төсөвт зардал тусгагдаагүй учраас барилгын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газраас хүсчээ.
