Судлаач багш Авирмэдийн Эрдэнэбаяр: Үндсэн хууль бол иргэн бүрийн эрх чөлөөний баталгаа буюу “нийгмийн их гэрээ” юм

2026-01-13 10:231min
Screenshot 2026-01-13 102126

Улс орны оршин тогтнох үндэс, иргэдийн эрх, үүргийн тулгуур болсон Үндсэн хууль бол зөвхөн хуульчдын судлах баримт бичиг биш юм. Энэ бол иргэн таны өдөр тутмын амьдрал, аюулгүй байдал, эрх чөлөөг зохицуулж байдаг амьд тогтолцоо юм. Бид Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалт, түүний ач холбогдлын талаар судлаач багш А.Эрдэнбаяртай ярилцлаа.

Сурвалжлагч: Үндсэн хуулийг яагаад “Эх хууль” гэж нэрлэдэг вэ? Бусад хуулиас ямар ялгаатай зохицуулалттай байдаг юм бол?

Үндсэн хууль бол төрийн эрх мэдлийн хуваарилалт болон иргэний үндсэн эрхийг тунхагласан хамгийн дээд хүчин чадалтай хууль. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд “Үндсэн хуульд бусад бүх хууль, шийдвэр бүрнөөр нийцсэн байвал зохино” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол бусад хуулиудын “эцэг” нь юм. Хэрэв УИХ-аас баталсан аль нэг хууль Үндсэн хуультай зөрчилдвөл тэр нь хүчингүй болдог тийм л хүчтэй зохицуулалт.

Сурвалжлагч: Та өмнө нь Үндсэн хуулийг “Нийгмийн гэрээ” гэж  тодорхойлсон. Энэ нь иргэн хүний амьдралд яг яаж мэдрэгддэг вэ?

Маш энгийн. Бид бүгдээрээ нэг нийгэмд амьдарч байгаагийн хувьд “Бид татвар төлье, хууль сахия, хариуд нь төр бидний аюулгүй байдлыг хангаж, эрхийг минь хамгаал” гэж тохиролцсон хэрэг. Жишээ нь, таны өмч хөрөнгө халдашгүй байна, та үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэдэг нь энэ гэрээний заалтууд. Хэрэв төр таны эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлавал төр “гэрээгээ зөрчиж байна” гэсэн үг.

Сурвалжлагч: Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалтаар төрийн эрх мэдлийг хэрхэн хянадаг вэ? Хэтэрхий их эрх мэдэл нэг гарт төвлөрөхөөс яаж сэргийлдэг вэ?

Энэ бол “Хяналт-тэнцвэрийн зарчим” юм. Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг гурван бие даасан байдалд хуваадаг:

УИХ хууль тогтооно.

Засгийн газар хуулийг хэрэгжүүлнэ.

Шүүх хууль зөрчсөн эсэхийг дэнслэнэ. Эдгээр нь бие биенийхээ ажилд шууд оролцохгүй ч, нэг нь хэтэрхий давамгайлахаас сэргийлсэн хяналтын механизмыг Үндсэн хууль зохицуулж өгсөн байдаг.

Сурвалжлагч: Сүүлийн жилүүдэд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүд иргэдийн төлөөлөх эрхийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ?

2023 оны өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн. Энэ нь зүгээр нэг тоо нэмсэн хэрэг биш, харин нийгмийн олон бүлгийн (эмэгтэйчүүд, багш нар, эмч нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд г.м) дуу хоолойг парламентад хүргэх, сонгуулийн тогтолцоог илүү шударга (холимог тогтолцоо) болгох зорилготой байсан. Энэ бол иргэдийн төрийн хэрэгт оролцох эрхийг өргөжүүлсэн том зохицуулалт гэж дүгнэдэг.

Сурвалжлагч: Иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөрчигдсөн гэж үзвэл хаана хандах ёстой вэ? Үндсэн хуулийн Цэц ямар үүрэгтэй вэ?

Үндсэн хуулийн Цэц бол “Үндсэн хуулийн манаач”. Иргэн бүр Үндсэн хууль зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд мэдээлэл гаргах эрхтэй. Цэц нь хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянадаг. Гэхдээ иргэд өөрийнх нь тодорхой эрх зөрчигдсөн тохиолдолд эхлээд ердийн шүүхээр явах бөгөөд тухайн хэрэглэж буй хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Цэцэд ханддаг зохицуулалттай шүү.

Сурвалжлагч: Ярилцлагын төгсгөлд иргэдэд хандаж юу хэлэх вэ?

Үндсэн хуулиа уншиж, ойлгодог иргэн бол хамгийн хүчтэй иргэн юм. Та өөрийн эрхээ мэддэг байж л төрд шаардлага тавьж чадна. Үндсэн хууль бол таныг хамгаалдаг хуяг дуулга гэж бодоорой.