Монгол Улсын Үндсэн хуулийн 34 жилийн ой тохиож байна

2026-01-13 11:001min
20260113-110035-file.jpeg
Монгол Улс 1924 оноос хойш гурван удаа Үндсэн хууль баталж, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд энэ нь хүний эрх, ардчилал, шүүхийн бие даасан байдлыг баталгаажуулсан юм.

Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад нийт гурван удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан түүхтэй.

1980-аад оны сүүлчээс Монгол Улсад өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал өрнөж, үүний дагуу 1990 онд Үндсэн хуулийг шинэчлэх ажил эхэлсэн.

БНМАУ-ын Бага Хурлаар хэлэлцсэн Үндсэн хуулийн төслийг хүлээн авсан БНМАУ-ын Ардын Их Хурал 76 хоног хуралдаж, 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, зургаан бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан юм.

Энэхүү Үндсэн хуулийн оршилд “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан” бөгөөд уг хууль хүний жам ёсны эрхийг тэргүүн зэрэгт тавьж, улс төрийн ардчилал, олон ургалч үзэл, эдийн засгийн чөлөөт байдал, төрийн эрх мэдэл хуваарилах, нутгийн өөрөө удирдах ёс, хараат бус, шударга, бие даасан шүүхийн тогтолцоо, Үндсэн хуулийн хяналтын институтийг анх удаа баталгаажуулсан байна.