Монгол эрдэмтэн багш нарын бүтээсэн автомат хаалт онгойлгодог чипийг нийслэлийн 9 дүүрэгт суурилуулна

Цагдаа, эмнэлэг, онцгойгийн албан хаагчид хотхон, хороололд түргэн шуурхай нэвтрэхэд хүндрэл учирдаг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монголын эрдэмтэн багш нар бүх төрлийн хаалтыг автоматаар онгойлгодог чипийг зохион бүтээжээ.
Энэхүү чипийг ДХИС-ийн Цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баттөрийн санаачилгаар ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, дэд профессор Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нар хамтран бүтээсэн байна.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба уг чипийг Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага хамгийн их бүртгэгддэг 100 байршилд суурилуулан туршиж, цагдаа дуудлага авсан даруйд хотхон, хороололд саадгүй нэвтэрч, гэмт хэрэг, зөрчилд түргэн шуурхай арга хэмжээ авч чадсан үр дүнтэй ажилласан байна.
Иймд энэхүү технологийг нийслэлийн есөн дүүргийн хотхон, хорооллуудад өргөжүүлэн суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангахад эрдэмтэн багш нарын бүтээл чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлж байна.
