Нийслэлийн иргэдэд түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад оноо олгох систем нэвтрүүлнэ

Нийслэлийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор иргэн бүрд оноо олгох системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Жишээ нь, автобусаар зорчих, алхах, дугуй унах зэрэг хөдөлгөөний хувилбаруудаар иргэд шууд бусаар түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулбал оноо авах юм. Цуглуулсан оноогоо нийслэлийн тодорхой үйлчилгээнд ашиглах боломжийг судалж эхэлсэн гэж Улаанбаатар хөгжлийн корпорацын захирал Ж.Сандагсүрэн мэдээлэв.
Тэрбээр энэ шинэ журмыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын дэргэдэх зөвлөлөөр аль хэдийн хэлэлцсэн байна. Оноо цуглуулах, ашиглах үйл явцад “Хотула” аппликэйшнийг ашиглах бөгөөд уг аппликэйшн эхний загваруудаа хэрэгжүүлж эхэлжээ. Хотын удирдлага дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангаж байгаа бөгөөд цаашид өгөгдлийг нийтэд ил тод болгож, хүссэн хүн бүр ашиглах боломжтой болгох төлөвтэй байна.
Ж.Сандагсүрэн удахгүй технологийн компаниудтай уулзаж, системийн алдааг богино хугацаанд засах талаар ажиллахыг зорьж байгаагаа хэлэв. Тэрбээр төрөөс хувийн хэвшлийг дэмжихдээ аль нэг компанид давуу байдал олгож, тэгш бус өрсөлдөөн үүсгэхгүй байх зарчмыг баримталж буйгаа онцолсон юм.
