Монголын сайхан бичигтэн-2025 уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын 29 дэх удаагийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс Уран зургийн галерейд нээлтээ хийж, олон нийтэд дэлгэгдэж байна.
Энэхүү уралдааныг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1997 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, үндэсний босоо монгол бичгийг дотоод болон олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж иржээ.
“Монголын сайхан бичигтэн-2025” уралдаанд АНУ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын монгол бичигтнүүд оролцсон бөгөөд Монгол Улсын бүх аймаг, нийслэлийн дүүргүүдээс нийт 1100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Үүнээс шилдэг 70 бүтээлийг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
Уралдааны шагнал гардуулах ёслол болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 15-нд Уран зургийн галерейд болно.
Энэ удаагийн уралдааны онцлог нь найман ангиллын сэдвийг монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, 20-р зууны эрдэмтэн Б.Ринчений бүтээлүүдээс сонгосон явдал юм. Мөн оролцогчдын хүрээ жилээс жилд өргөжиж, энэ жил анх удаа гадаад улсын дипломат албаныхан уралдаанд оролцсон байна. Тухайлбал, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гурван ажилтан оролцож, Элчин сайд Ричард Буанган монгол бичгийг бие даан суралцаж байгаа ажээ.
