Монгол Улсын шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн шигшээ тэмцээн эхэллээ.
Энэ жил 5800 шатарчин оролцсоноос эрэгтэй 108, эмэгтэй 40 нийт 148 шатарчин шигшээ тэмцээнд шалгарчээ. Анхан шатны сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шигшээ тэмцээний нээлтэд оролцож үг хэлэхдээ, Засгийн газар болон Монголын шатрын холбоо оюуны спортыг хөгжүүлэхэд анхаарч байгааг онцоллоо. Тэрбээр шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулж хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа илэрхийлэв.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхны тэмцээнд ойролцоогоор 50 шатарчин оролцож байсан бол одоо оролцогчдын тоо 100 дахин нэмэгдэж, цар хүрээ нь өргөжжээ. Тэмцээнд 1800-2000 хүртэлх чансаатай, цолгүй 25-аас дээш насны шатарчид оролцох боломжтой бөгөөд эхний гурван байрт шалгарсан шатарчдад Спортын дэд мастер цол олгодог байна.
Сүүлийн 14 жилийн хугацаанд 26 шатарчин улсын цол хүртсэн бөгөөд энэ жилийн аваргууд ирэх ням гарагт тодрох юм.
