Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг бослого өдөөсөн хэргээр шүүнэ

Өмнөд Солонгосын шүүх ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг бослого өдөөсөн хэргээр шүүн хэлэлцэж байна. Баасан гарагийн олон цаг үргэлжилсэн шүүх хуралдааны дараа ял шийтгэл нэхэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ.
Юн Сук Ёлыг 2024 онд цэргийн онц байдал тогтоох оролдлогыг зохион байгуулсан гэж буруутгаж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол цаазын ял эсвэл бүх насаар нь хорих ял оноох боломжтой юм. Өмнөд Солонгос улс 1997 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй ч хууль ёсоор халаагүй хэвээр байна.
Прокуроруудын мэдээлснээр, Юн Сук Ёл болон тухайн үеийн батлан хамгаалахын сайд Ким Ён Хён нар 2023 оны аравдугаар сараас парламентын үйл ажиллагааг зогсоож, хууль тогтоох эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх төлөвлөгөө боловсруулсан байна. Тэд улс төрийн өрсөлдөгчдөө “төрийн эсрэг хүчин” гэж тодорхойлж, саатуулахыг оролдсон бөгөөд цэргийн онц байдал зарлах шалтаг бүрдүүлэхийн тулд Хойд Солонгостой хурцадмал байдлыг зориуд үүсгэх оролдлого хийсэн гэж буруутгажээ.
