Улаанбаатар хотын агаарын бохирдлын индекс дэлхийд 32 дугаар байрт эрэмбэлэгдэж байна

2026-01-09 21:011min
20260109-210132-file.jpeg
IQAir-ийн мэдээллээр 2024 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар Улаанбаатар хот агаарын бохирдлын индексээр дэлхийд 32 дугаар байрт орж, арванхоёрдугаар сард бохирдлын төвшин буурсан талаар ЦУОШГ мэдээлэв.

Дэлхийн хотуудын агаарын бохирдлыг хэмждэг IQAir-ийн мэдээллээр, 2024 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар Улаанбаатар хот агаарын бохирдлын индексээр дэлхийд 32 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбат мэдээлснээр, 2025 оны арванхоёрдугаар сарын мэдээг хүйтний улирлын тойм хэлбэрээр гаргаж, 2024 оны арванхоёрдугаар сарын мэдээлэлтэй харьцуулсан байна. Судалгаагаар агаарт байх зургаан төрлийн бохирдуулагчийн төвлөрөл 19-57 хувиар буурсан нь тогтоогдсон байна.

Мөн байгууллага нь нийт 19 агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станцыг 24 цагийн турш ажиллуулж, агаарын чанарын индексийг тогтмол гаргадаг.

Агаарын чанарын станцуудын үзүүлэлтээр Баянхошуу орчимд хамгийн их бохирдуулах хорт бодисын агууламж өндөр гарсан бөгөөд арванхоёрдугаар сарын 31 хоногийн 19 хоногт бохирдолтой, их бохирдолтой, маш их бохирдолтой түвшинд хүрсэн байна.

Хайлааст, Шархад, Налайх, Дамбадаржаа орчмын байршлуудад 3-9 хоногт бохирдолтой түвшинд хүрсэн бол бусад байршлууд бага хэмжээний бохирдолтой, Нисэх орчимд агаарын чанар “цэвэр” болон “хэвийн” түвшинд байжээ.

Агаарын чанарын индексийг дараах байдлаар ангилдаг:
– 0–50: Цэвэр – Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатай.
– 51–100: Хэвийн – Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатай.
– 101–200: Бага бохирдолтой – Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах хэрэгтэй.
– 201–300: Бохирдолтой – Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх, биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх шаардлагатай.
– 301–500: Их бохирдолтой – Зүрх, уушгины архаг өвчтэй хүмүүс, өндөр настнууд, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй.