Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг буцаан авч, ашиглалтыг сайжруулж байна

Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй, хууль бусаар ашиглаж, өнгө үзэмжийг нь доройтуулсан тохиолдол сүүлийн жилүүдэд олон гарч байв. 2024 оноос эхлэн энэ асуудлыг шийдвэрлэх ажил эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцааж авсан байна.
Өмчийн барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулснаар нийслэлийн өмчийн харилцааны газар нь 2024 онд нийслэлийн төсөвт 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2026 онд алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаагийн мэдээлснээр, 2025 онд 3 барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж, нийт 3.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Мөн нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас 6 барилгыг хасаж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргасан байна. 2026 онд 8 барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөжээ. Түүнчлэн нийслэлийн өмчийн удирдлага, зохицуулалтын нэгдсэн цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байна.
2025 онд нийслэлд буцааж авсан өмчид “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилга, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсийн байрыг багтааж байна.
Мөн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбарын түрээсийн байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээсэлж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилсан бөгөөд 1.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг хууль бус эзэмшлээс салган түрээсийн орлогыг нэхэмжилж, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт түрээсэлж байна.
Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлгийн байрны өмчийг авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
