Монголын цанын шигшээ баг Милан Кортина 2026 өвлийн олимпод оролцоно

2026-01-08 20:011min
20260108-200128-file.jpeg
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Ундрам Монголын цанын шигшээ багийг Милан Кортина 2026 өвлийн олимпын наадамд оролцох эрх авсныг тэмдэглэж, хөгжлийн бодлого, дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар, ЗГХА-БТСУХ, МҮОХ, Монголын цанын холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсыг төлөөлөн өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах (эрэгтэй), Э.Ариунтунгалаг (эмэгтэй), уулын цанын төрөлд А.Ариунбат (эрэгтэй) нар оролцох эрхээ авсан байна.

Сайд Ч.Ундрам баг тамирчдад баяр хүргэж, уулын цанын төрлөөр Монгол тамирчин анх удаагаа олимпын наадамд оролцож байгаад талархал илэрхийлэв. Тэрээр сүүлийн таван өвлийн олимпод зөвхөн хоёр тамирчин оролцсон бол энэ удаа гурван тамирчин илгээхээр болж, төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг онцоллоо.

Мөн цанын баг тамирчдыг Үндэсний шигшээ багаас цалинжуулж, бэлтгэл сургалт, гадаадад тэмцээнд явах зардлыг нь дааж байгааг, олимпын наадмын зардал, ёслолын болон спортын хувцсыг МҮОХ-оор дамжуулан санхүүжүүлж дэмжиж байгааг хэлэв.

Монголын цанын холбооноос Төв аймгийн Борнуур суманд барих олон улсын цанын баазын зураг төслийг хийх, санхүүжүүлэхэд туслалцаа хүссэн бөгөөд өвлийн улиралд цанын спортыг нийслэл, аймаг, орон нутагт хөгжүүлэх бодлого, ажлын талаар санал гаргав.

Олон улсын цанын холбооны эксперт Н.Ватанабе 2025 онд ирж, цанын баазын замыг үзэж, олон улсын цанын замын эрх олгосон бөгөөд Монголын цанын холбоо 2026 онд эхний хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөж байна.

Сайд Ч.Ундрам өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд цанын баазыг улсын төсөв, төр-хувийн хэвшлийн түншлэл, татварын хөнгөлөлтийн бодлогын хүрээнд дэмжихээ илэрхийллээ.

Монгол орны өвлийн улирал урт үргэлжилдэг тул цана, тэшүүр, хоккей зэрэг спортын төрлүүдийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатайг сайд онцлов.

Тэрбээр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах гэрээнд өвлийн спортын тэмцээн, арга хэмжээг зохион байгуулах, зам талбай, хэрэгсэл, багшлах боловсон хүчинтэй болохыг дэмжих заалтыг тусгахаар төлөвлөж байгааг мэдэгдэв.

Монголын баг тамирчдыг Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд үдэн гаргах ёслолыг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Үндэсний Олимпын Хорооны ёслолын танхимд хийхээр төлөвлөсөн байна.

Цанын баг тамирчид 01 дүгээр сарын 14-нөөс Европ тивийг зорин дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцож, олимпын тэмцээн болох газарт байрлан бэлтгэлээ хангаж, уур амьсгал, цагийн зөрүүнд дасах бэлтгэл хийх юм.