Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансны битүүмжлэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлэв

Хүний Эрхийн Үндэсний Комисс 2025 онд хүлээн авсан гомдол, мэдээллийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тус комисс өнгөрсөн онд нийт 1461 гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэж, энэ нь 2024 онтой харьцуулахад 15.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Гомдлын ихэнх нь нийслэлээс ирсэн бөгөөд 77.1 хувь, орон нутгаас 22.6 хувь, гадаад улсаас 0.3 хувь эзэлж байна. Сүүлийн таван жилд ирсэн гомдлын дийлэнх нь шударгаар шүүлгэх эрх, хөдөлмөр эрхлэлтийн зөрчил, халдашгүй чөлөөтэй байх эрхийн зөрчилтэй холбоотой байжээ. 2025 онд бүртгэгдсэн гомдлын 21.8 хувийг холбогдох байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлсэн бол 60.4 хувийг комиссын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байна. Комисс эрх нь хязгаарлагдсан иргэдийн дунд, тэр дундаа хорих ангиудад тогтмол ажиллаж, 407 иргэний гомдлыг хүлээн авч, зөвлөгөө өгчээ. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг битүүмжилж байгаатай холбоотой ирсэн гомдлыг шийдвэрлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудтай хамтран ажилласны үр дүнд 2025 оны А302 дугаар тушаалаар хуульд заасан төлбөр гаргаж болохгүй орлогыг битүүмжлэхгүй байх, дансны гүйлгээг хязгаарлахгүй байх журам баталсан тухай мэдээлэв.
