УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат банкны зээлийн хязгаарлалт, өндөр хүүгийн асуудлыг хэлэлцэв

2026-01-08 19:011min
20260108-190121-file.jpeg
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Монголбанкны удирдлагуудтай уулзаж, банкны зээл хязгаартай үед иргэд өндөр хүүтэй зээлд дарамттай байгааг хэлж, зээл олголт, хүүгийн бодлогыг уялдуулан шийдвэрлэхийг санал болголоо.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат 2026 оны 1 дүгээр сарын 8-нд Монголбанкны ерөнхийлөгч болон холбогдох газрын дарга нартай уулзаж, банкуудын зээл олголт, зээлийн хүүгийн бодлого, арга хэмжээний талаар ярилцав.

Тэрбээр банкны зээл хязгаартай байгаа энэ үед иргэд ББСБ, аппликейшн, ломбард болон бусад иргэдээс жилийн 30-60 хувийн хүүтэй зээл авч, зээлийн дарамтад орж байгааг онцлов.

Мөн тэтгэврийн зээл олголт, батлан даалт, хүүгийн тооцоолол, ипотекийн зээлийн талаар иргэдийн санал хүсэлтийг Монголбанкны удирдлагуудад уламжилсан байна.

Монголбанкны удирдлагууд УИХ-тай хамтран зээл олголт болон хүүгийн асуудлыг мөнгөний бодлого, инфляци, төгрөгийн худалдан авах чадвартай уялдуулан хууль эрхзүйн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдэгдэв.

Тэд ахмадын тэтгэврийн зээлийг уян хатан шийдэхэд шаардлагатай нөөц, зээлийн эрсдэлийн түвшинг бууруулж, арилжааны банкуудад зээл сунгах, олгох, хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Мөн зээлийн батлан даалтын асуудлаар арилжааны банкуудтай зөвшилцөн анхаарал хандуулж ажиллахыг илэрхийлжээ.