Увс-УБ чиглэлийн автобусанд жирэмсэн эх амаржиж, жолооч нар эх барьжээ

2026-01-07 14:011min
20260107-140107-file.jpeg
Увс-Улаанбаатар чиглэлийн автобус Завхан аймгийн Их-Уул сум орчимд зорчиж явсан үед жирэмсэн эх амаржиж, жолооч нар болон зорчигчид хамтран эх барьж авсан байна. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.

“Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ийн Увс-Улаанбаатар чиглэлийн автобус Завхан аймгийн Их-Уул сумын орчимд зорчиж явсан үед 29 настай жирэмсэн эхийн амаржих үйл явц эхэлжээ. Автобусны жолооч нар Н.Чагнаа, Н.Галбадрах нар болон зорчигчид хамтран замын хажуу руу зогсож эх барьж авсан байна.

Шөнийн 01:10 цагт 3.2 кг жинтэй охин мэндэлж, эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэж, эмч нар хяналтандаа авсан бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа аж.

Өнгөрсөн оны 10 дугаар сард мөн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобусанд хүүхэд мэндэлсэн тохиолдол гарч байжээ. Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх, охинд 18 нас хүртэл орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх олгосон байна.