Монгол Улсад “Аянга-2025” байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх алба” жил бүр хууль бусаар ховор, нэн ховор зэрлэг амьтан агнах, ургамал бэлтгэх, тэдгээрийг хил дамнан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой “Аянга-2025” олон улсын тусгай арга хэмжээг зохион байгуулдаг.
Монгол Улсад энэ арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо болон Экологийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд хууль бусаар ховор, нэн ховор амьтан агнасан 7, ховор ургамал бэлтгэсэн 1 гэмт хэргийг илрүүлжээ. Мөн үндэстэн дамнасан зохион байгуулалттайгаар үйлдэгддэг ховор, нэн ховор ургамал, ан амьтан, тэдгээрийн эд эрхтний хууль бус худалдааг таслан зогсоох мэдээ, мэдээллийг Интерполын гишүүн улсуудтай солилцсон байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсын цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээр гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 2.5 тэрбум төгрөг буюу 93.6 хувийг нөхөн төлүүлж, 862 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.
