E-Mongolia системээр цахим гадаад паспортоо дахин захиалах боломжтой

2026-01-07 16:011min
20260107-160149-file.jpeg
Цахим гадаад паспортыг 2023 оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлсэн бөгөөд иргэд визгүй зорчих орнуудын хил дээр дараалал үүсгэхгүйгээр шууд нэвтрэх боломжтой боллоо.

Цахим гадаад паспортыг 2023 оны гуравдугаар сараас эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар болон харьяа дүүргийн бүртгэлийн газрууд олгож эхэлсэн байна. Энэхүү паспорт ашигласнаар иргэд Монгол Улстай визгүй зорчих боломжтой орнуудын E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан, дараалалд зогсохгүй хилээр нэвтрэх боломжтой болжээ. Тухайлбал, Австрали, Канад, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Турк, Шенгений орнууд цахим паспортыг хүлээн зөвшөөрдөг байна.

Иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ Монгол Улсын хил дээр дараалал үүсгэхгүйгээр цахим паспортоо тусгай төхөөрөмжид уншуулан шууд хилээр нэвтрэх боломжтой юм. Энэ нь хил, гааль, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд 30-60 минутыг хэмнэх давуу талтай.

Цахим гадаад паспорт дахин захиалах заавар нь E-Mongolia системээр дамжуулан хэрэгждэг. Иргэн өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Цахим гадаад паспорт дахин захиалах” үйлчилгээг сонгож, шаардлагатай баримт бичиг болон мэдээллийг оруулсны дараа төлбөрөө төлснөөр захиалга баталгааждаг. Захиалсан паспорт нийслэлд 5, орон нутагт 15 ажлын өдрийн дотор гардаг.

Гадаад паспортыг дараах тохиолдолд шинээр авах шаардлагатай: ашиглах боломжгүй болсон, хаяж үрэгдүүлсэн, хугацаа дууссан, хуудсууд нь дууссан, эсвэл иргэний мэдээлэл гаднах төрхөд өөрчлөлт орсон үед.

Анхааруулахад, анх удаа гадаад паспорт захиалах иргэн харьяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд биечлэн очиж захиалах шаардлагатай юм. Одоогийн ашиглаж байгаа энгийн гадаад паспорт хүчинтэй хэвээр бөгөөд иргэд цаашид энгийн болон цахим гадаад паспортыг өөрийн сонголтоор захиалан авах боломжтой.