Нийслэл иргэдийн газар эзэмших хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ

Нийслэлийн иргэдийн цахимаар гаргасан газар эзэмших хүсэлтийг ирэх онд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Шинээр газар эзэмших боломж нь Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар бий болох юм. Хөдөө орон нутгийн газар олголтын мэдээлэл одоогоор бүрэн нэгтгэгдээгүй байна.
Жил бүрийн нэгдүгээр сараас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл иргэдээс газар эзэмших хүсэлтийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авдаг.
Энэхүү зохицуулалт нь 2023 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар иргэд газар эзэмших, өмчлөх хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргах боломжтой болсон юм.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Батжавхлангийн мэдээлснээр, энэ онд газар эзэмших хүсэлт өгсөн иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд газар олгох бөгөөд бусад дүүргүүдэд шинээр суурьшлын бүс байгуулах төлөвлөгөө тусгагдаагүй тул хүсэлтүүд шийдвэрлэгдээгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд, мөн Газрын тухай хуульд зааснаар иргэд аль ч дүүрэг, хороонд зориулалтаа тодорхойлон цахимаар хүсэлт илгээх боломжтой. Газар олгохыг хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан эхний ээлжинд алслагдсан дүүргүүдэд газар олгож байна. Мөн арванхоёрдугаар сард иргэдийн хандалт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор газар олголтын системд доголдол үүсэж, удаашрах, гацах асуудал гарсан гэж тайлбарлав.
