Чингэлтэй дүүрэгт эрт илрүүлэг оношилгооны төв ашиглалтад орлоо

2025-12-31 09:301min
20251231-093038-file.jpeg
Чингэлтэй дүүрэгт 2025 оны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй эрт илрүүлэг оношилгооны төв нээгдэж, иргэдэд 20 багц шинжилгээ хийх боломжийг олгож байна.

Чингэлтэй дүүрэгт эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус төв нь хоёр давхар, нийт 1431.6 ам метр талбайтай барилга юм. Барилгын дотоод зохион байгуулалтыг Хонгконг, Сингапурын эмнэлгийн жишээн дээр үндэслэн хийжээ. Нэг, хоёрдугаар давхартаа үндсэн эрт илрүүлгийн шинжилгээнүүдийг гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд 2025 оны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

Иргэдэд ерөнхий шинжилгээ, хавдар, бамбай булчирхай, дотоод эрхтэн, хүүхдийн гэх мэт 20 багц шинжилгээг хийх боломжийг олгоно. УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн хэлснээр, энэхүү төвийг дүүргийн 14 хороо буюу 5 буудалд барьж ашиглалтад оруулсан нь онцлог бөгөөд “20 минутын хот” концепцтэй уялдуулан төлөвлөжээ.

Чингэлтэй дүүргийн 14, 18 хороонд дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 18 хороонд газар чөлөөлөлт 80 хувьтай байна. Ирэх онд 14 хороонд газар чөлөөлөлт ижил түвшинд үргэлжлэх төлөвтэй байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр хэлэхдээ, Чингэлтэй дүүрэг эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгосон бөгөөд 2025 онд эмнэлгийн өргөтгөлийг барьж, дулааны шугамын асуудлыг шийдэн удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэгт тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн загварыг авч ашиглаж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгуур ойлголтын нэг хэсэг болох эрт илрүүлэг оношилгооны төвтэй болох ахиц гэж тодорхойлсон.