Томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрчээ

Эрүүл мэндийн яамнаас 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрсэн талаар мэдээлэв.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2813 хүүхдийн 62.7 хувь буюу 1764 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж байна. Энэ нь өмнөх өдрөөс 180 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас 65 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эрчимт эмчилгээний тасагт 115 хүүхэд эмчлүүлж байгаагаас 61.7 хувь буюу 71 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай бөгөөд өмнөх өдрөөс таван тохиолдлоор өссөн байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2155 хүүхэд үзүүлснээс 65 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байжээ.
Засгийн газрын тогтоолоор томуугаар өвчилсөн зургаан хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч сувилах эцэг эхчүүдэд ажлын тав хоногийн цалинтай чөлөө олгож байна.
Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч эрчимт эмчилгээ, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал буураагүй тул иргэд томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна: олон нийтийн газар, ялангуяа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүх, хоёр цаг тутамд амны хаалтаа солих, гараа тогтмол угаах, халуун бүлээн шингэн уух, дулаан хувцаслах, гэрийн орчинд агаарын солилцоог хангах.
Манай улс энэ жил томуугийн улирлыг угтан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун А хүрээний хоёр хэв шинж, В хүрээний хоёр хэв шинжийг агуулсан вакциныг есдүгээр сарын 12-ны өдрөөс эрсдэлт бүлгийн хүн амд хийж дархлаажуулалт явуулсан нь халдварын оргил үеийг хүндрэл багатай давахад чухал нөлөө үзүүлжээ.
Дархлаажуулалтын хамралт энэ жил өмнөх гурван жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байсныг албаныхан онцоллоо.
