Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ боловсруулна

2025-12-30 07:301min
20251230-073047-file.jpeg
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах 16 багц арга хэмжээг танилцуулж, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газарт чиглэл өглөө. Инфляц 8.2 хувь хүрсэн нь хүнсний үнийн өсөлттэй холбоотой байна.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулж, УИХ-ын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулан санал солилцлоо.

Өнгөрсөн сарын байдлаар инфляци 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Инфляцын идэвхжил өргөн хүрээг хамарч, өнгөрсөн онд 318 бараа бүтээгдэхүүний үнэ өссөн бол энэ оны байдлаар 406 барааны үнэ нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

“Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, батлагдсан тохиолдолд чуулган завсарлах үеэр хэрэгжилтийг хангуулж ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга Н.Учрал илэрхийлэв.

Тогтоолын төсөлд Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо болон Засгийн газраас хариуцан хэрэгжүүлэх үндсэн хоёр чиглэлд нийт 16 арга хэмжээг тусгасан байна. Төв банкнаас өрхийн бодит орлогыг хамгаалах, эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.

Мөн банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, гадаадын банкны салбаруудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан байна.

Ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 139 мянган өрхөд 10.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгогдсон бөгөөд хөнгөлөлттэй хүүтэй зээлийг агаар, орчны бохирдол, төвлөрлийг бууруулах зорилготой уялдуулан өргөн хүрээнд хамруулах шаардлагатай гэж үзэж байна.

Санхүүгийн зах зээлд эрх зүйн зохицуулалтгүйгээр үйл ажиллагаа явуулж буй өндөр хүүтэй, эрүүл бус механизмуудыг цэгцлэх, нэгдсэн зохицуулалтад оруулж, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллахыг тусгасан байна.

Төв банкнаас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газарт төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, төсвийг хэт тэлэхээс сэргийлэх, уул уурхайн биржийн хуулийн хэрэгжилтэд саад учруулахгүй байх, хил, боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна.

Мөн газрын тосны бүтээгдэхүүний тасралтгүй хангалт, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих шаардлагатайг онцлов.

УИХ-ын дарга Н.Учрал уг тогтоолын төсөл батлагдан хэрэгжсэнээр Монгол Улсын олон улсын тавцан дахь үзүүлэлтүүд, тухайлбал бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, гадаад худалдааны эргэлт, ажиллах хүчний оролцоо, авлигын төсөөллийн индекс зэрэгт ахиц гарах боломжтойг дурдлаа.

Түүнчлэн ирэх хаврын чуулганаар хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад анхаарч, эрх зүйн орчныг тодорхой болгохыг мэдэгдэв.

УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, тендерийн хуулийг шинэчлэх, мөнгө хүүлэх зорилготой хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг зохицуулах, мөнгөний урсгалыг зөв чиглүүлэх, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих зэрэг санал дэвшүүлэв.

Мөн уул уурхайн биржийн хуулийн хэрэгжилтийг сайшааж, биржээр арилжаалахад борлуулалт өсөлттэй байгааг тэмдэглэв.

Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах богино хугацааны арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахын тулд УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах саналыг дэмжив.