Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол Улсын тусгаар тогтнолын 114 жилийн ой

2025-12-29 19:011min
20251229-190127-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан түүхт өдөр хэмээн тэмдэглэж, 114 жилийн ойг угтаж эх орончдын баатарлаг үйлсийг дурсав.

Ерөнхий сайд Г.Занданшатар XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд эцэг өвгөдийн суу залийг сэргээн, Хүннү гүрнээс уламжилсан эзэн Чингис хааны алтан төрийн гал голомтыг сэргээн мандуулсан тухай тэмдэглэв.

Тэрбээр энэ өдөр Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан болохыг онцлов. Ингэснээр орчин цагийн Монгол Улсын Засгийн газрын түүх эхэлж, алтан аргамжийн бодлого тасралтгүй батжин бэхжсээр өнөөдрийг хүрсэн байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар туурга тусгаар улсаа сэргээн мандуулахын төлөөх үе үеийн эх орончдын баатарлаг үйлсийг эргэн дурсаж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлэх, үндэстний ой санамжаа тодотгон хадгалах шаардлагатайг тэмдэглэв.

Тэрээр элэг нэгт монголчуудад үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн мэндийг дэвшүүлж, Монгол Улс мөнх хөх тэнгэрийн дор оршин тогтнож, хотол даяар амар тайван байхыг хүслээ.