Алтай сумыг БНХАУ-ын цахилгаан сүлжээнд амжилттай холболоо

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын Хами аймгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээтэй 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 36 минутад “АУЭХС” ТӨХК-ийн инженер техникийн ажилчид амжилттай холболоо. Ингэснээр тус сум цахилгаан эрчим хүчний байнгын тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй болж, орон нутгийн иргэдийн амьдралын чанар сайжирна. Цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр нь өрхийн орлого нэмэгдэх, ажилгүйдэл буурах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ. Мөн Алтай сум найдвартай цахилгаан эрчим хүчтэй болсноор Монгол Улс өргөн уудам газар нутгаа бүрэн хамарсан цахилгаан эрчим хүчний сүлжээтэй болж байна.
