Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2025-12-26 11:001min
20251226-110036-file.jpeg
Нэгдүгээр сард Монгол орны ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дундажаас хүйтэн байх боловч зарим нутгаар дулаан байна. Хур тунадас их ба бага орж, цас орж салхи шуургатай байх төлөвтэй.

Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн дундаж үзүүлэлтээр Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газарт -24…-30°C, Увс нуур, Дархадын хотгороор -30…-34°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12…-18°С, бусад нутгаар -18…-24°C хүйтэн байдаг.

2015 оны 1 дүгээр сард нийт нутгаар олон жилийн дундаж температурын үзүүлэлтээс 1–8°С–ээр дулаан байсан нь 1979 оноос хойшхи хамгийн дулаан 1 дүгээр сар болсон бол 2011 оны 1 дүгээр сард нийт нутгаар олон жилийн дундаж үзүүлэлтээс 1–9°С–ээр хүйтэн байсан нь хамгийн хүйтэн 1 дүгээр сар болж байжээ.

Хур тунадасны хувьд 1987, 2010 оны 1 дүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон нь хамгийн их тунадастай сар болсон бол 1993, 2020 оны 1 дүгээр сард харьцангуй бага хур тунадас орсон нь хамгийн бага тунадастай сар болсон байна.

Нэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дундаж үзүүлэлтээс дулаан, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дундажтай ойролцоо эсвэл бага зэрэг дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн дундаас эхлэн хүйтний эрч чангарч олон жилийн дундажаас 2–4°С-аар хүйтэн болно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч олон жилийн дундажтай ойролцоо эсвэл бага зэрэг дулаан байх төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дундажтай ойролцоо, бусад нутгаар бага зэрэг хүйтэн байх бөгөөд хур тунадас Төв аймгийн зүүн хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дундаж үзүүлэлтээс хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч бага зэрэг дулаан болно.

Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр дулаан, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бөгөөд хур тунадас нийт нутгаар олон жилийн дундажтай ойролцоо байх төлөвтэй байна.

Сарын эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлээр бага зэрэг дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч олон жилийн дундажаас 2–4°С-аар хүйтэн байна.

Нэгдүгээр сард нийт нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй тул замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.